Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн

Mongolian

Хуучин эрин үе төгсөж, шинэ эрин үе ирлээ. Жилээс жилд, өдрөөс өдөрт Бурхан маш их ажил хийсэн. Тэр дэлхий ертөнцөд ирээд дараа нь эргээд эндээс явж оддог. Ийм мөчлөг олон үе дамжин үргэлжилсэн юм. Энэ өдөр Бурхан Өөрийн хийх ёстой ажлаа, Өөрийн хараахан дуусгаагүй ажлаа урьдын адил үргэлжлүүлэн хийдэг, учир нь өнөөг хүртэл Тэр хараахан амралтад ороогүй байгаа билээ. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл, Бурхан маш их ажил хийсэн, гэвч Бурханы өнөөдөр хийдэг ажил өмнөхөөсөө хамаагүй их бөгөөд цар хүрээ нь хамаагүй илүү агуу гэдгийг чи мэдсэн үү? Ийм учраас Би, Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн гэж хэлдэг. Бурханы бүх ажил хүний хувьд ч эсвэл Бурханы хувьд ч маш чухал, учир нь Түүний ажлын юм бүхэн хүнтэй хамаатай байдаг билээ.

Бурханы ажил харагдаж, мэдрэгддэггүй, тэр ч бүү хэл дэлхий ертөнцөд харагддаггүй тул энэ нь яаж агуу зүйл байх юм бэ? Ямар байдал агуу гэж тооцогддог вэ? Бурханы бүх ажлыг агуу гэж үзэж болно гэдгийг мэдээж хэн ч үгүйсгэж чадахгүй боловч Би яагаад Бурханы өнөөдөр хийдэг ажлыг тэгж хэлж байна вэ? Бурхан агуу зүйл хийсэн гэж Намайг хэлэх үед энэ нь хүний хараахан ойлгоогүй байгаа олон нууцуудыг эргэлзэх юмгүйгээр агуулж байдаг. Одоо тэдгээрийн талаар ярилцъя.

Есүс Өөрийнх нь оршин тогтнолыг тэвчиж чадахааргүй цаг үед тэжээлийн онгоцон дотор мэндэлсэн боловч дэлхий ертөнц Түүний замд хөндөлсөж чадаагүй бөгөөд Тэр Бурханы халамжин доор, хүмүүсийн дунд гучин гурван жил амьдарсан юм. Амьдралынхаа энэ олон жилүүдийн хугацаанд Тэр дэлхий ертөнцийн гашуун зовлонг туулж, газар дээрх гаслант амьдралыг амссан. Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдох хүнд хариуцлагыг үүрсэн юм. Тэр Сатаны эзэмшилд амьдарсаар ирсэн бүх нүгэлтнийг золин аварсан ба эцэст нь Түүний амилсан бие Өөрийн амрах газар руугаа буцсан. Одоо Бурханы шинэ ажил эхэлсэн бөгөөд энэ нь мөн шинэ эрин үеийн эхлэл юм. Бурхан авралын шинэ ажлаа эхлэхийн тулд тэдгээр золин аврагдагсдыг Өөрийн гэртээ авчирдаг. Авралын ажил нь энэ удаа өмнөхөөсөө илүү бүрэн гүйцэд юм. Энэ нь, хүнд өөрөө өөрчлөгдөх боломж олгохын тулд Ариун Сүнс хүн дотор ажилласнаар хийгдэхгүй, мөн хүмүүсийн дунд Есүсийн бие илрэн үзэгдсэнээр дамжуулан хийгдэхгүй, ялангуяа өөр байдлаар бол бүр ч хийгдэхгүй. Харин ч бие махбодтой болсон Бурхан Өөрөө ажлыг хийж, залж жолоодох болно. Энэ нь хүнийг шинэ ажил руу хөтлөхийн тулд хийгддэг. Энэ нь агуу зүйл биш гэж үү? Бурхан энэ ажлыг хэсэг хүмүүсээр эсвэл зөгнөлөөр дамжуулан хийдэггүй харин Бурхан Өөрөө хийдэг. Энэ нь агуу зүйл биш бөгөөд хүнд баяр хөөр авчирч чадахгүй гэж зарим хүн хэлж магадгүй юм. Гэсэн хэдий боловч, Бурханы ажил бол зөвхөн энэ ч биш харин хамаагүй илүү агуу, илүү их зүйл юм гэдгийг Би чамд хэлэх болно.

Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг биеэр биш харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй энэ нь мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл бие махбод билээ. Бусдаас өөр юуг ч Түүнээс олж харахгүй боловч чи Түүнээс урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хүлээн авах болно. Энэхүү өчүүхэн бие махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрсэн, Бурханы бүх үнэн үгийн биелэл бөгөөд хүнд мэдэгдэх Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсээгүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг асар ихээр хүсээгүй гэж үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг чи асар ихээр хүсээгүй гэж үү? Тэр чамд өөр ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлэх бөгөөд чиний ойлгодоггүй үнэнийг ч гэсэн Тэр чамд хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүрэх үүд хаалга, чамайг шинэ эрин үе рүү хөтлөгч билээ. Ийм эгэл бие махбод ойлгохын аргагүй олон нууцыг хадгалж байдаг. Түүний үйл хэрэг нь чамд ойлгогдошгүй байж болох боловч Түүний хийдэг бүх ажлын зорилго нь, Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэгэн бие махбод биш гэдгийг чамд харуулахад хангалттай юм. Учир нь Тэр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг төлөөлдөг билээ. Хэдийгээр чи тэнгэр газрыг донсолгох мэт санагддаг Түүний хэлдэг үгийг сонсож эсвэл дүрэлзэх галын дөл мэт Түүний нүдийг харж чадахгүй байсан ч гэсэн, хэдий чи Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгнээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл нигүүлсэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтөнд үзүүлэх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдарч байгааг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай байж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний хардаг зүйл нь хүнтэй адилхан Бурхан буюу нэг хамар, хоёр нүдтэй Бурхан, бусдаас ялгарах юмгүй Бурхан боловч энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр газарт тоймгүй их өөрчлөлт гарна гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулах болно; энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр бүүдийж, газар эмх замбараагүй болох ба бүх хүн төрөлхтөн өлсгөлөн гачаал, өвчин тахал дотор амьдрах болно. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан гэдгийг Тэр та нарт харуулна; энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр та нар мөнхөд, үүрдийн нүгэлтнүүд болон үхдлүүдийн тэргүүн байх байв. Энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлахын аргагүй гай гамшигтай тулгарах ба эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шийтгэх Бурханы хатуу ширүүн шийтгэлээс зугтах нь хэцүү байх байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд яаж ч эрж хайсан хамаагүй амьдрал эсвэл үхлийн аль нь ч ирэхгүй нөхцөл байдалд байх байсан; энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр энэ өдөр та нар үнэнийг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй байх байсан юм. Үүний оронд та нар өөрсдийн аймшигт нүглийнхээ улмаас Бурханаар шийтгэгдэх байлаа. Та нар мэдэх үү? Бурхан бие махбодод эргэн ирээгүй байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; мөн энэхүү бие махбод ирээгүй байсан бол Бурхан хуучны эрин үеийг аль хэдийн төгсгөх байсан юм. Тийм байхад, та нар хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг голсоор байх уу? Та нар энэ эгэл хүнээс асар их ашиг тус хүртэх байтал яагаад та нар Түүнийг амархан хүлээн зөвшөөрч болохгүй гэж?

Бурханы ажил бол чиний ойлгож чадахгүй зүйл юм. Хэрвээ чи өөрийн шийдвэрээ зөв эсэхийг ухаарч чадахгүй, мөн Бурханы ажил амжилтанд хүрэх эсэхийг ч мэдэхгүй бол чи аз туршин, энэхүү эгэл хүн чамд асар их тус хүргэж чадах эсэхийг болон Бурхан агуу ажил хийсэн эсэхийг харж яахин болохгүй байх билээ. Гэсэн хэдий ч, Ноагийн цаг үед хүмүүс Бурхан харж тэвчихийн аргагүй болох хүртэл идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба иймээс Тэр хүн төрөлхтнийг устгахын тулд их үер буулгаж, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг үлдээсэн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы авч үлдсэн хүмүүс нь Түүнд эцсээ хүртэл үнэнч байсан бүхэн юм. Хэдийгээр аль аль нь Бурханы хувьд харж тэвчихийн аргагүй асар их завхралын үе байсан бөгөөд хоёр эрин үеийн хүн төрөлхтөн маш их завхарсандаа Бурхан бол Эзэн гэдгийг үгүйсгэсэн ч гэсэн Ноагийн цаг үеийн бүх хүмүүс Бурханаар устгагдсан. Аль аль эрин үе дэх хүн төрөлхтөн Бурханыг асар их шаналгасан боловч Бурхан эцсийн өдрүүд дэх хүмүүст одоог хүртэл тэвчээртэй хандсаар ирсэн. Яагаад тэр вэ? Та нар энэ талаар хэзээ ч бодож үзээгүй юү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би та нарт хэлж өгье. Эцсийн өдрүүд дэх хүмүүстэй Бурхан нигүүлсэнгүйгээр харьцаж байгаагийн шалтгаан нь тэд Ноагийн үеийн хүмүүсээс илүү бага завхарсан эсвэл тэд Бурханд гэмшлээ харуулсан учраас биш, тэр ч бүү хэл технологи өндөр хөгжсөн эцсийн өдрүүд дэх хүмүүсийг Бурхан устгаж тэвчихгүй байгаа учраас ч биш юм. Харин ч эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст хийх ажил Бурханд байгаа бөгөөд энэ нь бие махбодтой болсон Бурханаар Өөрөөр нь хийгдэх болно. Цаашлаад Бурхан энэ бүлэг хүмүүсийн нэг хэсгийг Өөрийн авралын бай, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний үр жимс болгон сонгож, тийм хүмүүсийг Өөртэйгээ хамт дараагийн эрин үе рүү аваачих болно. Тиймээс, ямар ч байсан Бурханы төлсөн энэхүү төлөөс нь бүхэлдээ эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы ажилд бэлтгэж байсан билээ. Энэ өдөр та нарт байгаа бүхэн энэхүү бие махбодоос болж байгаа юм. Бурхан махан биед амьдардаг учраас та нар амьдрах боломжтой байгаа. Энэ бүх сайн зол завшаан нь энэхүү эгэл хүний улмаас олдсон билээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй эцэстээ бүх үндэстэн энэ эгэл хүнийг шүтэн мөргөж, мөн түүнчлэн энэ өчүүхэн хүнд талархаж, дуулгавартай байх болно. Учир нь Тэр бүх хүн төрөлхтнийг аварч, Бурхан болон хүний хоорондох зөрчилдөөнийг намжааж, Бурхан хүн хоёрыг илүү ойр болгож, Бурхан хүн хоёрын бодлыг холбохын тулд үнэн, зам, амийг авчирсан. Тэр бас Бурханд бүр ч илүү их алдрыг авчирсан юм. Ийм эгэл хүн чиний итгэл болон бишрэлийг хүртэх үнэ цэнэтэй биш гэж үү? Тийм эгэл бие махбод Христ гэж нэрлэгдэхэд тохирохгүй гэж үү? Ийм эгэл хүн хүмүүсийн дундах Бурханы илэрхийлэл байж болохгүй гэж үү? Хүн төрөлхтнийг аюул гамшгаас хэлтрэхэд тусалдаг ийм хүн та нараар хайрлуулж, та нараар эрхэмлүүлэх үнэ цэнэтэй биш гэж үү? Хэрвээ та нар Түүний амнаас гарах үнэнийг голж, өөрсдийн дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол та нарын хувь заяа яах вэ?

Эцсийн өдрүүд дэх Бурханы бүх ажил энэхүү эгэл хүнээр дамжуулан хийгддэг. Тэр чамд бүх зүйлийг хайрлах болно, цаашлаад Тэр бүх зүйлийг чинь шийдэж чадна. Тийм хүн та нарын итгэдэг шиг: дурдахын ч хэрэггүй маш энгийн хүн байж таарах уу? Түүний үнэн нь та нарыг бүрэн итгүүлэхэд хангалттай биш гэж үү? Түүний үйл хэрэг нь та нарыг бүрэн итгүүлэхэд хангалттай биш гэж үү? Эсвэл Түүний та нарыг залж чиглүүлж байгаа зам та нарын хувьд дагахааргүй байна уу? Юу та нарыг Түүнд эгдүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийхэд хүргэж байна вэ? Тэр үнэнийг илэрхийлж, Тэр үнэнээр хангадаг ба Тэр та нарт явах замтай байх боломжийг олгодог. Та нар эдгээр үнэний дотроос Бурханы ажлын ул мөрийг олж чадахгүй хэвээр байна уу? Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй эсвэл шинэ эрин үед орохгүй байх байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар хэзээ ч Бурханы жинхэнэ дүр төрхийг харах боломжгүй эсвэл харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилсан ба та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь Бурханы хүмүүсийн дунд аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.